Момона: “Отеллог хэн ч тоглож чадна. Над шиг бие нь чөлөөтэй хөдөлж чаддаггүй, сууж чаддаггүй, гараа ч хөдөлгөж чадахгүй байсан ч туслах хүнтэй бол тоглож чадна”

Момона Китамура – Хойд Японы 2018 оны өсвөрийн аварга, Отеллогийн 2 дан зэрэгтэй.

Дэлхийн Отеллогийн холбооноос жил бүр онцлох тамирчидаас ярилцлага аван вэб сайтдаа нийтэлдэг билээ. 2018 оны хойд Японы аварга болсон Момона Китамуратай хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.

Момона Китамура нь хөгжлийн бэрхшээлтэй олон отелло тоглогчдын нэг юм. Биеийнхээ ихэнх хэсгийг удирдаж чадахгүй ба үүнийхээ улмаас тэмцээн, дасгал сургуулалтуудад оролцоход нь хүндрэл учирдаг төдийгүй заримдаа диск эргүүлэх нь хүртэл хэцүү байдаг байна. Энэхүү ярилцлага нь Отелло тоглогчиддоо урам өгөхөөс гадна хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн төлөө хичээгээрэй гэсэн уриалгыг хүргэх зорилготой юм.

2018 онд хойд Японы аварга болсоноор Момона Китамура нь Японы өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд эрхээ авч Кэйсүкэ Фүкүчитэй хамт тоглосон билээ. Тус тэмцээнд Кэйсүкэ Фүкүчи (11 настай) ялсан бөгөөд тэрээр тухайн жилдээ Чех улсын Прага хотод болсон Отеллогийн дэлхийн аваргын 43 дахь удаагийн тэмцээнд түрүүлэн дэлхийн аварга болсон юм.
………………………………………………………………………………..
2018.11.13 ДЭЛХИЙН ОТЕЛЛОГИЙН ХОЛБОО (WOF)

WOF: Сайн уу Момона. Чи хэдэн настай вэ?
Момона: Би 12 настай.

WOF: Хэзээ анх отеллог мэддэг болсон бэ?

Момона: Ойролцоогоор 6 настайдаа буюу цэцэрлэгийн ахлах ангидаа байхдаа анх мэдсэн.

WOF: Танай гэр бүлийнхэн чинь бас отелло тоглодог уу?
Момона: Манай гэр бүлийнхэн бараг тоглодоггүй.

WOF: Отелло тоглож эхлээд чиний амьдрал өөрчлөгдсөн үү?

Момона: Тийм ээ. Хөгжлийн бэрхшээлийнхээ улмаас биеэ чөлөөтэй хөдөлгөж чадахгүй учраас Отелло тоглох нь л миний хувьд ганц баяр хөөр минь болж хувирсан. Отелло тоглож эхэлснээс хойш амьдрал минь өөрчлөгдсөн төдийгүй одоо амьдралын минь нэг хэсэг болоод байна.

WOF: Чиний амжилт бусад хүмүүст нөлөөлсөн гэж бодож байна уу?

Момона: Амжилт гэж хэлэгдэхээр биш ч гэсэн отеллогийн тоглогч гэдгээрээ олон хүний анхаарлыг татаж, сонинд гарч, интернэт мэдээ зэргээр гарснаас хойш хүмүүс надтай ярилцахаар ирдэг болсон.

WOF: Чамд Отелло тоглохоос өөр ямар хобби байдаг вэ?

Момона: Ном унших, зураг зурах мөн амттай хоол идэх дуртай.

WOF: Ирээдүйн зорилго чинь юу вэ?

Момона: Одоогийн зорилго маань бол 3 дан авах. Харин ирээдүйд бол Эмэгтэйчүүдийн дэлхийн отеллогийн тэмцээнд түрүүлмээр байна.

WOF: Өөр ямар тоглоомоор тоглох дуртай вэ?

Момона: Отелло тоглоогүй үедээ Yahoo дээр байдаг тоглоомуудыг тоглодог.

WOF: Отелло дөнгөж тоглож эхэлсэн хүмүүст хандан ямар нэгэн урмын үг хэлэх үү?

Момона: Хожигдсон ч гэсэн хэзээ ч битгий бууж өгөөрэй, үргэлжлүүлэн хүлээцтэйгээр тоглох нь чухал. Хожигдсон тэр мэдрэмжээ хурцлан, зорилгодоо хүрхийн төлөө хичээвэл заавал хүчтэй болж чадна шүү.

WOF: Өөртэйгээ адилхан отелло тоглогчиддоо зөвлөгөө өгөөч. Бас отелло тогломоор байна, тэмцээнд оролцмоор байна гэсэн хүмүүст хандан зөвлөгөө өгөөч.

Момона: Отеллог хэн ч тоглож чадна. Над шиг бие нь чөлөөтэй хөдөлж чаддаггүй, сууж чаддаггүй, гараа ч хөдөлгөж чадахгүй байсан ч туслах хүнтэй бол тоглож чадна.

Тэмцээнд оролцож чадахгүй ч байсан компьютер, таблет байвал гэртээ олон янзын хүмүүстэй тоглон, хичээл үзэн, бодлого бодон отелло сурч болно. Тэгээд зорилгодоо хүрвэл үнэхээр их баярлана даа.

Би тийм ч их тэмцээнд оролцож чаддаггүй. Тийм ч учраас оролцох үедээ байнга догдолдог. Тэмцээнд оролцхоор нас, хүйс хязгааралгүйгээр олон хүнтэй уулзаж болдог учир үнэхээр хөгжилтэй бөгөөд бас урам авах шиг санагддаг.

Отеллод нэг нүүдэл болгон, нэг тоглолт бүр бүгд чухал байдаг. Тийм учраас хичээвэл өөрөө л хичээвэл хүчтэй тоглогч болж чадна. Тиймээс Ямар ч үед дуусан дуустлаа ялалтанд бууж өгөлгүйгээр хичээцгээе!

Ярилцлага авсан: Тад Маэхата болон Даниел Түрүнэн

https://www.worldothello.org/…/interview-momona-kitamura-no…