Ид шидийн орон – Отелло клубын нээлт

2018-8-24, МОСХ нь өнөөдөр Ид шидийн оронд зочилж хүүхэд багачууддаа Отелло хөлөгт тоглоомын танилцуулга өдөрлөг зохион байгуулан Улаанбаатар хотноо анхны Отеллогийн клубын нээлтийг амжилттай зохион байгууллаа. Бидний хүсэлтийг найрсагаар хүлээн авч Отеллогийн танилцуулах өдөрлөгт оролцсон нийт хүүхэд багачууд, багш ажиллагсад та бүхэндээ талархсанаа илэрхийлэе. МОСХ-н үйл ажиллагааг дэмжин клуб байгуулах зардалыг гаргаж, мөн 50 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэсэн Моннеп компаныхаа хамт олондоо баярлалаа.

Танилцуулга өдөрлөгт оролцсон хүүхдүүд маань бүгд Отелло хөлөгт тоглоомыг маш их сонирхож биднийг бараг зааж амжаагүй байхад өөрсдөө заавраа уншиж танилцаад шууд тоглож эхэлсэн нь үнэхээр гайхалтай сайхан байлаа. 

Отелло хөлөгт тоглоом нь сурахад маш амархан, тоглоход урамтай учираас хүүхдүүд маань гайхалтай хурдан сурж тэмцээн хэзээ болох вэ, би заавал тэмцээнд орно, би сурчлаа, ёстой гоё тоглоом байна, ямар амархан, ямар сонирхолтой юм бэ гэж байсан нь бидэнд маш их урам өгсөн шүү.

Зөвхөн хүүхдүүд гэлтгүй Ид шидийн орны багш ажиллагсад маань бас тоглоомоо заалгаж бүгд амархан, сонирхолтой гоё тоглоом болохыг дахин дахин хэлж байлаа. Эхнээсээ Отелло хөлөгт тоглоомоо улам сайн сураад манай холбооноос зохион байгуулагдах тэмцээнд оролцоно гэж зорилт тавьсан та нараараа үнэхээр их бахархаж байна.

Инээд хөөр цалгилсан Ид шидийн орноос Монгол улсаа төлөөлөн анхны дэлхийн аварга төрөх болтугай.