Монголын Отелло Сонирхогчдын Холбоо

Монголын Отелло сонирхогчдын холбоо нь 2018 онд байгуулагдсан ба Дэлхийн Отеллогийн холбооны 68 дахь гишүүн (https://www.worldothello.org/associations/asia), Монгол улсад албан ёсоор бүртгэлтэй спортын холбоо бөгөөд Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Налайх дүүрэг, Дархан, Эрдэнэт, Хэнтий, Хөвсгөл, Өмнөговь аймгуудад салбар холбоодоо нээж сургалт, нэрэмжит болон Отеллогийн зэрэг олгох тэмцээн уралдаан тогтмол зохион байгуулж байна.

Дэлхийн Отеллогийн холбооноос гаргасан зөвлөмж, стандартын дагуу Отелло хөлөгт тоглоомын сургалт эрхлэх, сургагч багш бэлтгэх, тэмцээн уралдаан зохион байгуулах, олон улсын тэмцээнд Монгол улсыг төлөөлөн тамирчид оролцуулах албан ёсны эрхтэй.

Бидний зорилго:

Шинэ төрлийн оюуны спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, дэлхийд өрсөлдөх чадавхи бүхий тамирчид бэлтгэн, Монгол улсын нэрийг олон улсын тавцанд оюуны спортоор өндөрт гаргах, улмаар дэлхийн аварга төрүүлэх зорилготой. Холбооны гол үйл ажиллагаа:

  • Олон нийтэд нээлттэй танилцуулга, сургалт хийх
  • Сургагч багш бэлтгэх
  • Тамирчид бэлтгэх
  • Сургалтын төв байгуулах
  • Тэмцээн уралдаан зохион байгуулах
  • Мэргэжлийн зэрэг цол олгох
  • Тамирчидын эрэмбэ тогтоох
  • Тамирчидыг олон улсын зэрэглэлийн уралдаан тэмцээнд оролцох бололцоог хангах

Бидний үйл ажиллагаа:

2018 оны 10 сараас 2019 оны 7 сар хүртэлх хугацаанд бид “School in Othello” хөтөлбөрийн суурийг тавьж уг хөтөлбөрөөр дамжуулан  Налайх дүүргийн Чандмань цогцолбор сургууль, Эрдмийн оргил цогцолбор сургууль, 123-р цэцэрлэг, МСҮТ, Орхон аймгийн 5-р сургууль, 14-р сургууль, Хуй цай хятад сургууль, Нийслэлийн 29-р тусгай сургууль, 33, 84, 97-р сургууль, Хэнтий аймгийн Бор Өндөр сумын Бор Өндөр цогцолбор сургууль зэрэг олон газарт  Отеллогийн танилцуулга сургалт хийж клуб байгуулан багш сурагчдыг хамруулсан. Мөн Дэлхийн мөрөөдлийн сургууль төрийн бус байгууллагатай хамтран хүүхэд хөгжлийн Мөрөөдлийн Отелло клуб байгуулан тогтмол сургалт явуулж байна.

Уг хөтөлбөрт хамрагдан Отеллогоор сонирхон хичээллэсэн  хүүхдүүдийн сурлагын амжилт дээшилсэн, тэдний анхаарал төвлөрөх чадвар, өөртөө итгэлтэй байдал эрс нэмэгдсэн. Ижил сонирхол бүхий найз нөхдийн хүрээлэлтэй болсоноор тэдний бусдад хандах хандлагад өөрчлөлт гарч, зөв төлөвшил бий болж эхэлсэн. Мөн Отелло тоглогч хүүхдүүдийн гэр бүлд олон сайхан өөрчлөлт гарсан ба тухайлбал ээж аав, эмээ овоо бүгд хоорондоо нэгэн сэдвээр ярилцан, Отелло тоглож хөгжилдөх, гэр бүл ах дүү дотроо найрсаг, цэвэр өрсөлдөөн бий болгох, бие биенээ улам их ойлгох зэргээр гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, амьд харилцааг улам дэмжсэн байдаг.

2018 оны 10 сард Чех улсад зохиогдсон Отеллогийн Дэлхийн аваргын 42 дахь удаагийн тэмцээнд 2 тамирчин, 2019 оны 3 сард Япон улсад болсон Мэйжин сэй 40 дэх удаагийн Отеллогийн нээлттэй тэмцээнд 7 тамирчин, 2019 оны 8 сарын 10-нд Австрали улсын Мелбурн хотод болсон үндэсний аврага шалгаруулах тэмцээнд 3 тамирчин Монгол улсаа төлөөлөн тус тус амжилттай оролцсон байна.

Дотооддоо нийт 5 удаагийн Чансаа, Дэлхийн аваргын баг шалгаруулах Сорилго тэмцээн зохион 270 гаруй зэрэгтэй тамирчин төрүүлсэн байна. Сар бүр Монголын Отелло тоглогчдын ранкийг гаргадаг ба тэмцээнд оролцсон бүх тамирчидын жагсаалт, тэмцээнийг мэдээллийг Монголын Отелло сонирхогчдын вэб хуудас болон Дэлхийн отеллогийн холбооны албан ёсны вэб сайтаас шууд харах боломжтой.

 https://www.worldothello.org/ratings/player?searchPlayerInput=ANAr+uuganbayar

Оюуны шинэ спортыг үргэлж дэмжижиж бидэнд урам зориг өгч байдаг Отелло сонирхогч та бүхэндээ баярлалаа.

Хүндэтгэсэн,

Монголын Отелло сонирхогчдын холбоо

————————————————————————————————

ШИНЭ СПОРТООР ХИЧЭЭЛЛЭН ШИЛДЭГ АМЖИЛТ ГАРГАЖ, МОНГОЛ УЛСЫНХАА НЭРИЙГ ОЮУНЫ СПОРТООР ДЭЛХИЙД ГАРГАЦГААЯ.

————————————————————————————————

Вэб хаяг: http://www.Othello.mn
Е мэйл хаяг:    mglothello@gmail.com
Facebook хаяг:   Mongolian Othello Federation Монголын отеллогийн холбоо
УБ Отелло клуб:  Баянзүрх дүүрэг, 26 хороо, Дүнжингарав худалдааны төвийн баруун урд талд, гэрлэн дохио өнгөрөөд байрлах Sunny Center төвийн 2 давхарт, 3 тоот
Инстаграм: mgl_othello
Харилцах утас:  9908-6782, 9525-6473